Түрээслэгчийн гэрээ
Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 11 сар
Энэхүү гэрээ нь rentu.mn платформоор дамжуулан бараа, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг эд зүйлс түрээсэлж буй түрээслэгч (цаашид “Та”) болон тухайн зарыг нийтэлсэн дэлгүүр эзэмшигч (цаашид “Түрээслүүлэгч”)-ийн хоорондын эрх, үүргийг тодорхойлно. Захиалга өгснөөр Та энэхүү гэрээ болон Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
1. Гэрээний талууд ба Rentu-ийн үүрэг
Түрээсийн гэрээ нь Таны болон Түрээслүүлэгчийн хооронд байгуулагдана. Сэйвтайм Ворлд ХХК (“Rentu”) нь зуучлагч платформ бөгөөд түрээсийн гэрээний тал биш; захиалга, төлбөр тооцоо, харилцааны орчинг хангаж, маргаан гарвал зуучилна.
Түрээсийн нөхцөл (үнэ, хугацаа, барьцаа, даатгал, хүргэлт, нэмэлт шаардлага) нь тухайн зар дээр харагдаж буй байдлаар хүчинтэй. Зар дээрх нөхцөл энэ гэрээнээс илүү хатуу эсвэл нарийвчилсан бол зар дээрх нөхцөл дагаж мөрдөгдөнө.
2. Захиалга ба төлбөр
Захиалгын нийт дүн (түрээсийн үнэ, хүргэлт, мэргэжилтний зардал) захиалгын хуудсанд урьдчилан харагдана. Төлбөрийг Bonum төлбөрийн системээр (QPay, карт, WeChat Pay) төлнө.
Төлбөрийг платформоос гадуур, Түрээслүүлэгчтэй шууд тохиролцож төлөхгүй. Платформоос гадуур хийсэн төлбөр, тохиролцооноос үүссэн эрсдэлийг Rentu хариуцахгүй.
Төлбөрийг захиалга үүсгэснээс хойш 30 минутын дотор хийхгүй бол захиалга цуцлагдана.
“Үнэ тохиролцох” горимтой зарын хувьд тохиролцсон үнийг Түрээслүүлэгч хүлээн авснаар захиалга үүсч, тухайн үнээр төлбөр хийгдэнэ.
Барааны зарын хувьд ширхэгийн тоог сонгох (гараар бичиж болно) бөгөөд сул үлдэгдэл хүрэлцэхгүй бол захиалга үүсэхгүй. Үнэ нь ширхэгийн тоогоор тооцогдоно. Сагсаар олон зар нэг дор захиалж болох боловч «үнэ тохиролцох» зар сагсанд орохгүй.
3. Баталгаа
Түрээслэгч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай бөгөөд бүртгэлд өгсөн мэдээлэл нь үнэн зөв байна.
Зарим зар (ялангуяа тээврийн хэрэгсэл) нь жолоодох эрх, иргэний үнэмлэх, баталгаажуулалт (KYC) шаардаж болно. Шаардлагыг хангаагүй бол Түрээслүүлэгч захиалгыг татгалзах эрхтэй.
Хуурамч бичиг баримт, бусдын нэр дээрх мэдээлэл ашиглавал захиалга цуцлагдаж, бүртгэл хязгаарлагдах бөгөөд учруулсан хохирлыг Түрээслэгч бүрэн барагдуулна.
4. Барааг хүлээн авах ба буцаах
Хүлээн авахдаа Түрээслэгч нь түрээсийн зүйлийн байдал, бүрэн бүтэн байдал, дагалдах хэрэгслийг шалгаж, илэрсэн гэмтэл, согогийг тэр даруй Түрээслүүлэгчид мэдэгдэж, боломжтой бол зураг, бичлэгээр баримтжуулна. Баримтжуулалгүй гэмтэлтэй барааг хүлээн авснаас үүсэх хариуцлагыг Түрээслэгч бие даан хариуцна.
Барааг тохирсон хугацаанд, тохирсон газар, хүлээн авсан үеийн байдлаар (хэвийн элэгдлээс бусад) буцаана. Хугацаа хэтрүүлэх шаардлага гарвал Түрээслүүлэгчид урьдчилан мэдэгдэж, сунгалт хийлгэснээр ашиглах эрх үүснэ.
Хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэлт хоногийн хөлс, торгуулийг тухайн зар дээр заасны дагуу тооцно.
Хүргэлттэй захиалгад хүлээн авах хаяг, холбоо барих утсыг үнэн зөв өгч, хүргэлтийн үеэр холбоо барих боломжтой байх үүрэгтэй.
Захиалга дуусахад Таны хуудсанд харагдах «дуусгах код»-ыг түрээслүүлэгчид хэлснээр захиалга «Дууссан» болно. Кодыг зөвхөн бодитоор буцааж өгсөн/дууссан үед л хэлнэ үү; код 7 хоногийн хугацаатай байна.
5. Ашиглалт ба хориглох зүйл
Энэхүү Түрээсийн гэрээнд Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн холбогдох заалтыг нэгэн адил хамаарна. Түрээслэгч нь барааг зориулалтын дагуу, ашиглах зааварт нийцүүлэн, бүрэн бүтэн байдлыг ханган ашиглана.
Дараахыг хориглоно: бусдад дамжуулан түрээслэх, барьцаалах, зарах; хууль бус үйл ажиллагаанд ашиглах; Түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр засварлах, өөрчлөх, эд ангийг сольж задлах; тохирсон бүс нутаг, хэрэглээний хүрээнээс гадуур ашиглах.
Тээврийн хэрэгслийн хувьд замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиж, согтуу болон мансууруулах бодисын нөлөөн дор жолоодохыг хатуу хориглоно. Зөрчлөөс үүссэн торгууль, хариуцлага, үүсэх үр дагаврыг Түрээслэгч бүрэн хариуцна.
6. Гэмтэл, алдагдал, хариуцлага
Түрээсийн хугацаанд бараа гэмтсэн, алга болсон, хулгайд алдагдсан бол хэвийн элэгдлээс бусад хохирлыг Түрээслэгч хариуцна. Даатгал сонгосон бол даатгалын нөхцөлд заасан хэмжээгээр хохирол хөнгөрнө; даатгалаар хамрагдаагүй хэсгийг Түрээслэгч хариуцна.
Хохирол гарсан даруйд Түрээслүүлэгчид мэдэгдэж, хулгай, осол, хууль бус үйлдлийн үед цагдаад хандаж, баримтыг хадгална.
Хохирлын хэмжээ нь засварын бодит зардал, эсвэл засах боломжгүй бол барааны зах зээлийн үнээр тодорхойлогдоно.
7. Барьцаа ба гэмтэл
Барьцаа шаардлагатай зарын хувьд барьцааг хүлээн авах үедээ Түрээслүүлэгчид шууд (бэлнээр эсвэл дансаар) барьцааг олгоно. Барьцааг платформоор дамжуулахгүй бөгөөд Rentu барьцааг хүлээн авах, хадгалах, хянах, буцаах үүрэггүй.
Түрээс дуусаж барааг буцаасны дараа, гэмтэл хохиролгүй бол Түрээслүүлэгч барьцааг бүтнээр нь буцаан олгоно. Гэмтэл гарсан бол суутгах дүнг хоёр тал нотолгоонд (хүлээлгэн өгөх, авах үеийн зураг, бичлэг) тулгуурлан тохирно.
Талуудын хооронд үүссэн маргаантай асуудлаас Rentu-г ангид байлгана.
Баталгаажсан (KYC) түрээслэгчид зарим зард барьцааг шаардахгүй байж болно.
8. Цуцлалт ба буцаан олголт
Түрээслэгч захиалгаа “Хүлээгдэж буй” болон “Баталгаажсан” төлөвт байхад цуцалж болно; “Дууссан” захиалгыг цуцалж болохгүй. Бодитоор төлөгдсөн захиалгыг цуцалбал банкны шимтгэл суутгагдсан дүнгээр төлбөр Bonum-аар дамжин буцаагдана.
Түрээслүүлэгч захиалгыг цуцалсан эсвэл татгалзсан бол Түрээслэгчийн төлсөн төлбөр бүрэн буцаагдана.
Төлбөр хийгдэхээс өмнө захиалга автоматаар цуцлагдсан боловч дараа нь төлбөр орж ирсэн бол төлбөр буцаан олголтын хүсэлт болж бүртгэгдэж, Түрээслэгчид мэдэгдэнэ.
Нөхцөлийг зөрчсөн, залилсан захиалгын буцаан олголтоос Rentu татгалзах эрхтэй.
9. Түрээслүүлэгчийн үүрэг
Түрээслүүлэгч зар дээрх мэдээллийг үнэн зөв байлгах, барааны бүрэн бүтэн, аюулгүй, цэвэр байдлыг хангаж, тохирсон цагт хүлээлгэн өгөх үүрэгтэй.
Түрээслүүлэгч үндэслэлгүйгээр баталгаажсан захиалгаас татгалзахгүй, нэхэмжлэл гаргахдаа үнэн бодит нотлох баримт ашиглана.
Түрээслүүлэгч нь Таны хувийн мэдээллийг зөвхөн захиалгыг биелүүлэх зорилгоор ашиглана.
10. Хувийн мэдээлэл
Таны мэдээллийг Нууцлалын бодлогын дагуу боловсруулна. Захиалгыг биелүүлэхэд шаардлагатай хэмжээнд (нэр, холбоо барих утас, хүргэлтийн хаяг) Түрээслүүлэгчтэй хуваалцана.
11. Маргаан шийдвэрлэх
Талууд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд шийдэгдээгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
12. Давагдашгүй хүчин зүйл ба өөрчлөлт
Талуудын хяналтаас гадуурх давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тал давагдашгүй хүчин зүйлийн хугацаанд хариуцлагаас чөлөөлөгдөнө. Энэ тухай нөгөө талд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
Rentu энэхүү гэрээнд өөрчлөлт оруулж болох бөгөөд шинэчилсэн хувилбар платформд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Өөрчлөлт нь өмнө өгсөн захиалгад нөлөөлөхгүй.